Wednesday, December 2, 2009

Нүдний шил зүүвэл нүд томорч харагддаг уу

Ойрын харааны шил зүүх үед гүдгэр линзээс шалтгаалан нүд томорч харагддаг. Харин хотгор линз зүүхэд нүд жижиг харагддаг.

Нүдний шил зүүвэл хараа мууддаг
Хараа мууддаггүй. Харин ч харааг сайжруулж тогтоох гол хэрэглүүр юм. Залуу хүмүүст биеийн ба нүдний өсөлтөөс шалтгаалан хараа өөрчлөгдөж байдаг тул жил тутам нүдний эмчид үзүүлж шилээ тааруулж байх хэрэгтэй.

Шилийг тогтмол зүүхгүй байх нь нүдэнд муу юу
Нүдний харааг сайжруулах, тогтоохын тулд тааруулсан шил байнга зүүх шаардлагатай. Хэрэв тогтмол зүүхгүй бол нүдний ачаалал ихэсч хараа мууддаг.

Өчигдөр шинээр хийлгэсэн шил нүдийг чинь эрээлжлүүлээд байна уу
Энэ нь шил тааруулсны дараа түр хугацаанд мэдрэгдэх гаж шинж юм. Насанд хүрсэн хүн, хүүхдэд шил тааруулах арга нь өөр өөр байдаг. Холын харааны шил тааруулах үед шилийг 15-20 минут зүүж үзэх хэрэгтэй. Хэрэв шал таазны түвшин өөрчлөгдөх, юмны дүрс хувирах, ухархай, дух орчимд эвгүй оргих шинж тэмдэг илрэхгүй бол шилийг тохирсон гэж үзнэ.

Нүдний шил чинь байнга далийж унаад байна уу
Хэрэв шил чинь байнга далийж унаад байвал энэ нь ихэвчлэн нэг гараараа шилээ зүүж авах хэвшлээс болдог. Ийм тохиолдол нүдний шил хийдэг газар очиж засуулах хэрэгтэй. Болж өгвөл хоёр гараараа зүүж авч хэвшээрэй. Нэг талаас нь татаж авах юм уу зүүхэд шилний хүрээ гажих, эрэг нь сулрах шил нь мултрах зэрэг эвдрэл үүсдэг.

Нэг буюу олон фокустай шил ашигтай юу
Ойрын харааны шил нь томруулдаг шил, давхар линз, фокустай линз зэрэг олон төрөл байдаг. Хоёр фокустай линз нь байнга авч явахад төвөг багатайгаас гадна хол ба ойрын шилийг сольж зүүх явдлыг үндсээр нь шийдвэрлэдэг. Мөн гаднаасаа огт сэвтдэггүй.

Ийм шилний дээд хэсэгт нь холын зүйлийг, дунд хэсэгт нь дундын зайныхыг, доод хэсэгт нь ойрын зүйлийг харахаар хийгдсэн учир харцаа шилжүүлэн харах л хэрэгтэй. Олон фокустай шил зүүхэд тодорхой хугацаанд зүүж дасах шаардлага гардаг.

Нүдний шил хэрэглэгчид дараах зөвлөгөөг дагаарай
Шилний чинь хүрээг дагаж хөлс урссан тохиолдолд тэр даруй арчаарай. Хөлс болон давсархаг найрлагатай зүйлсээс шилний хүрээ зэвэрдэг. Иймд угаалгын бодис хольсон бүлээвтэр усаар цэвэрлэсний дараа зориулалтын алчуураар арчина.

Мөн нүдний шилээ зориулалтын хайрцагт хадгалаарай. Ширээ болон шүүгээний татуурга зэрэг газарт хайрцаггүй хадгалах нь шилний хүрээ, линзэнд сэв суудаг. Түүнээс гадна шилийг тогтмол дулаанд хадгалах нь эдлэх хугацаанд нөлөөлдөг байна.

60 хэмээс хэтэрсэн халуун ус, саун, гэрэл туяа шууд тусдаг машин дотор хуванцар шилний хүрээнд өөрчлөлт гардаг.

No comments:

Post a Comment