Wednesday, December 2, 2009

Архи ба өсвөр үеийнхэн

Өсвөр насыг ярихын өмнө бага насны суурь хэрхэн тавигдсан бэ гэдгийг зайлшгүй авч үзэх ёстой. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас бүх зүйл урагт дамжин нөлөөлдөг. Хүүхэд орчиндоо байгаа томчуудын амьдралаас 2/3-ыг нь тусган авч, зан төлөв, дадал хэвшил тогтдог. Бага насандаа тавигдах суурь мэдлэг хүмүүжил шилжилтийн насанд үргэлжлэн нас бие гүйцсэн хойноо ямар хүн болох вэ гэдэгт онцгой нөлөөлнө.

Шилжилтийн насанд хэцүү, хүмүүжилгүй гэсэн хаягтай хүүхдүүд олшрон гэрээсээ дайжиж, сургууль завсардан, тэнэх байдлаар хорт зуршилд уруу татагддаг. Энэ л үеэс эхлэн эцэг, эх нь гэнэт анзаарах боловч оройтсон байдаг.

Өсвөр үеийнхнээс судалгаа авахад эцэг, эхийн 80 хувь нь хүүхдээ ойлгодоггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг, багш нарын дунд ч үг хэлээрээ дарамтлах явдал цөөнгүй гардаг. Тэд аливаа мэдээллийн ихэнхийг найз нөхдөөсөө авч, илүү итгэдэг гэж хариулжээ.

Өсвөр үеийнхний дунд согтууруулах ундааны талаарх мэдээлэл бага байдгаас архи уулаа ч архичин болох боломжгүй, бага градустай вино, пиво нь ямар ч хоргүй гэж ойлгон их хэмжээгээр ууж согтуурах үзэгдэл их байдаг. Архигүй баяр гэж байхаа больсон нь согтууруулах ундааг түгээмэл хэрэглэх шалтгаан болдог. Хэдий. бага насандаа ууж эхэлнэ төдий чинээ илүү эрт архинд дасал болно. Нийгмээрээ архинд хавтгайран орсон нь олон сөрөг үр дагаварыг хойч ирээдүйд авчирч байгаа гэхэд хилсдэхгүй.

Архидан согтуурахтай тэмцэх хуулиар 21 нас хүрээгүй хүнд архи худалдах, үйлчлэхийг хориглосон байдагч тэр бүр мөрдөхгүй байгаа нь нууц биш. Шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өсвөр үеийнхэн байдаг нь харамсалтай. Архины нэг гол аюул бол тархи мэдрэлийг хүчтэй цочроож хордуулдаг.

Нэг удаагийн согтолтоор 20 мянга гаруй мэдрэлийн эс үхдэг. Мэдрэлийн эс нэг үхвэл хэзээ ч нөхөн сэргэхгүй, улмаар уураг тархийг хордуулж, цаашлаад үхэлд ч хүргэх аюултай. Монголын ирээдүйг тодорхойлох шинэ үеийн хүүхэд залуучууд архи, мансууруулах бодисын талаар үнэн зөв мэдээлэл авч зохих хэмжээний мэдлэг эзэмшсэн байх ёстой.

No comments:

Post a Comment