Wednesday, December 2, 2009

Анхны харцаар дурлах нь зөв үү

Ихэвчлэн өсвөр насны охид хөвгүүд анхны харцаар дурлах нь бий. Анхны хайр гэдэг нь анхны харцаар дурласныг ч хэлж байж болох юм. Гэтэл анхны хайр гол төлөв бүтэлгүйтэх нь элбэг байдаг. Яагаад? Гэдэг асуулт мэдээж гарна.

Анхны харц хуурмаг
"Анхны харцаар дурласан" гэх яриа өсвөр насныхны дунд нилээд түгээмэл байдаг. Тэдэнд эсрэг хүйстнээ гүнзгийрүүлэн судлах, танилцах туршлага дутмаг учир дийлэнх нь хөнгөн, болчимгүй дүгнэлт хийдэг. Гадаад үзэмж, өнгөц мэдлэг боловсрол, чамин хувцаслалт, эелдэг найрсаг харьцаа гэх мэтийн эсрэг хүйстний хүчин зүйл анхны харцаар дурлахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл хайр сэтгэлийн объект нь цаг хугацаа өнгөрөхөд, явц дунд "багаа" хуулж тараа таниулах тул гонсойлгоход хүргэдэг. "Баатар ханхүү" мэт санагдсан залуу нь өчнөөн дутагдалтай, тэр бүү хэл аминдаа арчаагүй, байдаг л нэг жулдрай болох нь илрэхэд охид хэмжээлшгүй гонсойх нь тодорхой.

Дурлах гэж бүү яар
Анхны хайр, анхны харцаар дурласан бүхэн гунигтай төгсгөлтэй гэж туйлширч болохгүй л дээ. Гол нь яаран дүгнэлт хийж түүндээ хэт итгэлтэй байхаас зайлсхий. Хүнийг бүрэн таньж мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Та хоёрын хооронд үзэл бодлын, хүмүүжил боловсролын, зан чанарын гэх мэт асар том ялгаа, зөрүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс дотносон дасахад эхлээд жирийн, сайхан үерхэл, энгийн харьцаа байхад л хангалттай. "Ханхүү" маань илүү сэргэлэн охинд хайраа өгчихнө гэж бүү ай. "Анхны шөнийг анхны хайртайгаа өнгөрөөе" гэх ч юмуу романтик зан хандлагыг жаахан тэвчих нь ашигтай. Хичнээн охид хөнгөмсөг болчимгүй, бусдыг дууриах гэх мэт саваагүй зангаасаа болж хэвлийдээ үртэй, нүдэндээ нулимстай хоцорсныг санахад гэмгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

No comments:

Post a Comment