Wednesday, December 2, 2009

Өсвөр насныхныг мансууруулах бодис хэрэглэж буй эсэхийг яаж мэдэх вэ?

Өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодисыг саваагүй, сониуч зангаасаа болж хэрэглэх нь бий. Хэдийгээр энэ нь зөвхөн сонирхол төдий ч хорт зуршилтай эрт тэмцэх тусмаа сайн.
Харин буруу зуршилд орж байгааг хэрхэн цаг тухайд нь мэдэж, сэргийлэх вэ?

Нэг. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эсвэл хэрэглэж үзсэн охид, хөвгүүдийн санаа сэтгэл огцом хувирах нь ажиглагддаг /хэт хөгжөөнтэй байснаа уйтгар гунигт автах/.

Хоёр. Сурлага муудах, хичээл таслах, сахилга бат доголдох гэх мэтийн асуудал үүсч болзошгүй.

Гурав. Ямарч шалтгаангүй спортоор хичээллэх, дуртай зүйлдээ сонирхолгүй болох.

Дөрөв. Мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэд гэрээсээ ойр ойрхон алга болох, үдэш орой хүрч ирэх, шөнө унтахгүй байх нь бий.

Тав. Өөрийн гадаад төрх, хувцас хунартаа ер анхаарал тавихаа болино. Бүтэн өдөржин юу ч идэхгүй байх, гэнэт хэтэрхий их хоолны дуршилтай болох зэргээр хэвийн хооллолт алдагдана.

Зургаа. Хуучин анд нөхөд нь үзэгдэхээ болино. Шинэ найзуудаа танилцуулах нь бүү хэл нууна.

Долоо. Урьд өмнө нь нээлттэй, тайван байсан хүүхэд ууртай, түрэмгий, нууцлаг зан чанартай болж байгаа нь ажиглагдана. Өрөө тасалгаа, хайрцаг саваа цоожлох эрмэлзэлтэй болно.

Хэрэв дээрх шинж тэмдгийн тав нь илэрвэл санаа зовох зүйл байна гэсэн үг. Иймд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцахаас бүү зайлсхий. Мөн өсвөр насны хүүхдийн бие организм, зан аашинд өөрчлөлт, хувиралт явагддаг тул ямар нэгэн гоц гойд шинж тэмдэг нь өөр учир шалтгаантай болохыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ муу таамаг батлагдаж, хүүхэд үнэхээр мансууруулах бодис ямар ч хэлбэрээр байж болно, өвс татах, цавуу үнэрлэх, элдэв төрлийн эм тан уух , гэх мэт хэрэглэдэг нь тогтоогдвол эмч, мэргэжилтэнд яаралтай хандахыг зөвлөе.

No comments:

Post a Comment